Түүхэн замнал
Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 153 дугаар тогтоолын дагуу Засан хүмүүжүүлэх 455 дугаар хорих анги нэртэйгээр анх 1991 оны 03 дугаар сарын 01-нд “Баянхонгор аймгаас зүүн урагш 12 км зайтай “Бумбат” хэмээх газар 8 алба хаагчийн орон тоотой, 43 хоригдолтойгоор байгуулагдаж байжээ.
Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Алба зохион байгуулах тухай” А/169 дүгээр тушаалаар “Баянхонгор аймаг дахь 455 дугаар хорих анги”-ийг “Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр биелүүлэх алба” болгон зохион байгуулж байжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 155 дугаар тогтоолыг үндэслэн Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх алба, тасгийг шинэчлэх тухай” А/105 дугаар тушаалаар “Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр биелүүлэх алба”-ыг 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгон өөрчлөн зохион байгуулж, иргэний шийдвэр гүйцэтгэх тасаг, Цагдаагийн байгууллагын харьяанд байсан баривчлах байр, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, саатуулах байрыг хариуцан ажиллах болсон билээ.
Монгол Улсын Их хурлаас 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн "Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" Б/1085 дугаар тушаалаар "Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба"-ыг “Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” болгон өөрчилж нийт 32 алба хаагчийн орон тоотой шинэчлэн баталсан.
Монгол Улсын Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж, эрүүгийн хэргийн ялын зарим төрөл өөрчлөгдөн нэмэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/1646 дугаар тушаалаар тус газарт хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, тооцооны нягтлан бодогч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Орон тоо нэмэх тухай” А/215 дугаар тушаалаар техник хяналтын ажилтны 1 орон тоо, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Орон тоо нэмэх тухай” А/30 дугаар тушаалаар хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн тус тус 1 орон тоог шинээр бий болгон ажиллуулж эхэлсэн.
Ийнхүү Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг тус тус албадан гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр :
- Захиргаа, санхүү, аж ахуй;
- Цагдан хорих байр;
- Иргэн, захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх тасаг;
- Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа гэсэн бүтэцтэй, 36 алба хаагчийн орон тоотойгоор үндсэн чиг үүргээ гүйцэтгэж байна.